Monday, August 19, 2013

Жимсгэнэт өрөл – Malus baccata L

Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Хянган орчим, Дундад Халх, Дорнод Монголын тойрогт ой, ойт хээрийн бүслүүрийн уулын хажуу, ширэнгэ, голын хөндий, шугуй, хусан төгөл, нарсан ойд ургана. 3- 6 м өндөр сөөг.
Бөөрөнхий нягт титэмтэй, холтос нь арзгар, үнсэн саарал өнгөтэй. Найлзуур нь улаавтар хүрэн, нүцгэн. Навч өндгөрхүү богино зууван, 2.5- 8.0 см урт 1.3- 5.0 см өргөн, навчны шилбэ 1.2- 4.0 см урт. Цэцэг нь 4- 8 - аар нийлж  цагаан өнгийн шүхэр үүсгэнэ. Үр жимс бөөрөнхий, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй, эсгэлэн амттай. Ургалт тавдугаар сарын эхнээс есдүгээр сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт тавдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилнэ.  Зургадугаар сард цэцэглэж, есдүгээр сард үр жимс нь боловсорч дуусна. Хавар болтол үр жимс нь  модон дээрээ унахгүй хадгалагдана. Ган, хүйтэнд тэсвэртэй. Шилжүүлэн суулгалтыг даахдаа сайн. Үрээр болон мөчрийн тайраадас, үндэсний шижмээр үржүүлнэ.

Хэлбэржүүлэлтийг сайн даадаг. Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг бүлгээр суулгахад тохиромжтой.






Тэхийн шээг (Шивүүрт улаагана)– Ribes diacantha Pall.

Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Дорнод Монгол, Хянганы уулын хээрийн тойрогт чулуурхаг энгэр, уулын хажуу, голын эрэг, хөндийгөөр ургана. 1 м хүртэл өндөр сөөг.
Навчны илтэс гялгар, хар ногоон, үзүүртээ гурван бяцхан салбантай, суурь нь шаантгархуу. Өтгөн мөчиртэй. Цэцэг нь дан бэлэгтэй. Дэлбэ нь шар өнгөтэй. Жимсгэнэ  5- 7 мм голчтой, бөмбөлөг хэлбэртэй, улаан хүрэн өнгөтэй. Ургалт тавдугаар сарын дундаас есдүгээр сарын эхний хагас хүртэл үргэлжилж, зургадугаар сард цэцэглэж, наймдугаар сарын сүүлчээр үр жимс нь боловсроно. 4 наснаасаа цэцэглэж, үрлэж эхлэдэг. Ган, хүйтэнд тэсвэртэй. Таналт сайн даадаг. Үрээр үржүүлнэ.

Ногоон байгууламжинд ганц нэгээр болон хэсэг бүлгээрмөн амьд хашлаганд  суулгахад тохиромжтой.

Үхрийн нүд - Ribes nigrum L

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Их нууруудын хотгорт шинэсэн ой, гацуур шинэс холилдсон хусан ой, ойн зах, цоорхой, сөөгөн ширэнгэ, голын эрэг, нуранги  хад, асганд ургана. 1.5 м өндөр сөөг.
Эхлээд цайвар, зуны сүүлд хүрэвтэр болдог үслэг найлзууртай. Навч бүдэг, дээд тал бүтэн, доод тал судлаа дагаж үслэг, гурав хаяа таван далбантай,тэр нь өргөн далбагар гурвалжин, дундах нь бусдаасаа урт, цацаг 3- 5 см урт, 5- 10 цэцэгтэй, нүцгэн буюу үслэг шилбэтэй, 3- 8 мм урт, нахиа нь гонзгой өндгөрхүү, 7- 9 мм урт ягаавтар саарал ихэвчлэн өтгөн үслэг хагас бөмбөлөгөрхүү үр жимстэй, түүний өргөн өндөр нь хоорондоо тэнцүүдүү. Цомирлог гадагш эргэсэн шовховтор, нилээд өргөн. 3-4 наснаасаа эхлэн цэцэглэж, үрлэнэ. Жимсний диаметр 8- 10мм, заримдаа бор буюу ногоовтор, таваас зургадугаар сард цэцэглэж, долоодугаар сард үр жимс боловсроно. Мөчрөөр үржинэ.

Ногоон байгууламжинд ганц нэгээр юмуу хэсэг бүлгээр нь суулгана. Гэр хороололын цэцэрлэгжүүлэлтэд ашиглахад тохиромжтой. 

Saturday, August 17, 2013

Манж гандигар /Sambucus manshurica Kitag/


Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Хянган, Дорнод Монголын тойрогт өндөр уулын бүслүүрийн доод хэсэгт болон ойн бүслүүрт нугархаг хажуу байц, хад, үхэр чулуу, асга нуранганд ургана. 1-4  м хүртэл өндөр, навчаа гөвдөг сөөг.
Залуу мөчир навчны бариул, навчны доод гадаргын гол судал нь урт сэрэвгэр үслэгээр битүү бүрхэгдсэн, улаавтар хүрэн өнгийн үрчгэр холтостой, мөчрийн гол сэвсгэр зөөлөн. Навчис 5-7 навчинцар бүхий өрөөсгөл өдлөг навчинцар өндгөн юлдэрхүү, 5-14 см урт, 6.5-5.5 см өргөн, хөрөөлөг ирмэгтэй. Баг цэцэг нь олон цэцэгтэй, өндгөрхүү бамбай бөгөөд 3-5 см урт, 3-8 см өргөн. Дэлбэ цайвар ногоон юмуу шаравтар, хэлтэс нь зуувгар. Үрэвч 2-2.5 мм урт. Чийгсүү, хүйтэнд тэсвэртэй. Тод улаан өнгийн бөөрөнхий жимстэй, 4-5 наснаасаа эхлэн цэцэглэж жимс, үрээ өгдөг. Ургалт тавдугаар сарын эхээр эхэлж есдүгээр сарын сүүлчээр зогсдог. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр цэцэглэж, наймдугаар сарын эхээр үр жимс нь боловсордог. Үрээр үржих ба хожуулын нахианаас сэргэн ургана.
Цэцэрлэгжүүлэлтэд бөөнөөр суулгах буюу хамгаалалтын зурвас, ганц нэгээр тарих нь зохимжтой.