Monday, September 23, 2013

ДОЛООГОНО ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

“Буянт үйлстэн сан” ойн мэргэжлийн байгууллагын тэргүүн Г.Наранчимэг.
Долоогоныг үрээр, мөчрөөр, үндэсний салаалалтаар үржүүлэх боловч үржүүлэхэд нилээд төвөгтэй. Мөчирөөр үржүүлэхэд үндэслэх чадвар султай байх тул ихэвчлэн үрээр тарималжуулна.
Намар үрийг түүж савтай усанд дэвтээж зөөлрүүлээд үрэх аргаар жимснээс салгана. Няцлагдсан үр, жимсийг усанд хийхэд жимс болон чанар муутай үр усан дээр хөвнө. Усны доор тунасан сайн чанарын үрийг ялган авч тарилтанд хэрэглэнэ. Бэлтгэсэн үрээ намар шууд тарих нь стратификац хийх нилээд нарийн төвөгтэй ажилаас чөлөөлдөг. Стратификац хийхийн тулд голын том ширхэгт элс, хүлрийн холимог 1:3 харьцаатайгаар үрийг хольж модон хайрцагт хийгээд зооринд 21-28 сар байлгаж байж үр тайван байдлаас гардаг. Намар шууд тарьсан үр жил өнжиж соёолдог. Долоогоны үрийг 2-4см гүнд тарих ба бусад модлог ургамлыг үрээр тарих арга ажиллагаатай ижил байна.  Долоогоно бол байгаль дээрх цэвэр эмчилгээний зориулалтай, хүчиллэг, зөөлөн, амтлаг байдгаараа ходоод гэдэсний шингээлтийг сайжруулж, цусыг цэвэрлэхзүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ялангуяа цусны даралт өндөр болохоос сэргийлэхийн тулд 10 ширхэг долоогоныг 30 грамм элсэн чихэртэй нухаад усанд чанаж уудаг. Чийг бам, үе мөчийн үрэвсэл, усан хаванг анагаахад долоогоны модны үндсээс 30-60 граммыг усанд чанаж шөл болгоод уух, амаржсаны дараа цус хурах, хэвлий өвдөхөд 30 грамм долоогоныг усанд чанаж өтгөн шүүс болгоод шаарыг нь шүүж аваад бурам хийж өдөрт 2 удаа хэрэглэж зэргээр олон төрлөөр эмчилгээнд хэрэглэж болдог маш ашигт чанартай жимс юм.

Ер нь жимсний мод бутыг үрээр тарихад мөчир, үндэсний сэжим салгах, нахиа дарж үржүүлснээс жимсний чанар илүү витаминлаг байх, гадаад орчинд илүү тэсвэртэй, зөв хэлбэртэй ургадаг. 






Sunday, September 22, 2013

Нахиа дарж үржүүлэх

Нахиа дарж үржүүлэх
Энэ нь ихэвчлэн жимсний бут (үхрийн нүд, тэхийн шээг, чацаргана гэх мэт) чимэглэлийн (голт бор, шар хуайс гэх мэт) бут сөөгийг ургаа байдлаар нь үндэсний хүзүүнээс дээш 2-30 см хөнгөн хөрсөөр битүү овоолон булахад булагдсан нахиа бүр үндэс аван үржинэ. Мөн үүн­тэй адилаар захын мөчрийг аажим налуулан хэвтүүлж 5-10 см зузаан хөр­сөөр булхад булагдсан хэсэг үндэс үүсч газ­раас залуу ургамал үүсгэн ургана. Ургамлыг тайван байдалд шилжсэн үед намар үндэс үүсэн ургасан мөчрийг эх ургамлаас таслан өвөлжүүлээд, ирэх хавар салган авч өөр газар шилжүүлнэ.






Tuesday, September 10, 2013

Гар хийцийн хүлэмж барих энгийн арга

"Ой судалгаа хөгжлийн төв" УТҮГ-ийн "Модлог ургамлын цэцэрлэг"-ийн эрхлэгч Б.Оюунбилэг (ой судлаач)

Хүлэмжний ач холбогдол: 
Монгол орны эрс тэрс уур амьсгал нь ургамлын ургах нөхцлийг доройтуулдаг. Ялангуяа хаврын хавсрага, намрын цочир хүйтрэлийн үеэр нялх балчир тарьцыг ихээр гэмтээж ургамлыг өсөлтийг хязгаарлах тул ургамал өсөх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хаалт, нөмөр, дулаан орчин бүрдүүлэх шаардлага гардаг. Энэ нөхцлийг хүлэмж, шилэн дарлага бүрдүүлдэг. Хүлэмжинд тарьсан суулгацын 1 жилийн өсөлт, ил талбайнхтай 1.5-2 дахин хурдан өндөр том болж ургаж байна.

Хүлэмж барих аргачлал:
Хүлэмжийг ашиглах хугацаагаар нь өвлийн зуны, хийц хэлбэрээр нь нэг талт, 2 талт, олон талт, нуман гэж ангилна. Мод үржүүлэгт ашиглах зориулалттай зуны хүлэмжийг  гар хийцээр нэг талт ба нуман хэлбэртэйгээр хийж ашиглах нь тохиромжтой бөгөөд харьцангуй бага зардалтай.  Манай мод үржүүлгийн газарт байгаа Нуман хүлэмжийг хийхдээ нумыг мод ба төмрөөр 1-1.2 м зайтайгаар хийж хооронд нь модоор холбож карказ бэлтгээд зориулалтын нийлэг хальсаар бүрхэж холбоос модон дээгүүрээ дранк мод тавьж хадна. Хүлэмжний зориулалтын биш нийлэг хальсаар хүлэмжийг бүрвэл хүчтэй салхи шуурганд урагдаж гэмтэн хөрс хамгаалах үүргээ алдана. Хүлэмжний салхивчийг хаяагаар нь сөхөгдөхөөр хийнэ. Хаяа нь сөхөгдөх боломжгүй бол 2 талд нь томоохон хаалга хийж түүнийгээ онгойлгож нэвт салхи оруулна. Нуман хүлэмжийг 1.8-2.0м өндөртэй, 4-6м өргөнтэй, талбай болон хийцийн материалынхаа хэмжээнд тохируулан 10-20м урт барих нь элбэг байдаг.  
Хүлэмж барихдаа тэгш эсвэл тэгшлэх боломжтой талбайг сонгож авна. Хэрэв тэгш биш газар байвал хүлэмж барих хэсэг газрыг урьдчилан сайн тэгшилнэ. Талбайн гадаргуу тэгш байх нь усалгаа жигд тараагдах,  цухуйц жигд өсөх нөхцлийг бүрдүүлнэ. Хүлэмжний хөрс эхлээд хүлэмжин доторх талбайд 25см хуулалт хийж зайлуулаад 50:30:20-ын харьцаатай хар шороо, элс, бууцны найрлагатай хөрсийг 1м өргөнтэй 25см өндөртэй хүлэмжний урдын дагууд бэлдсэн даланг дүүргэж тэгшлээд 200л усанд 10л пормолины уусмал найруулан ариутгах бөгөөд ариутгах үйл явцыг хүлэмжээ 24 цаг сайтар битүүмжлэн дараа нь хүлэмжээ нэвт салхилуулан 3 хоног байлгасны дараа тарилтыг эхлүүлнэ. 







Monday, September 2, 2013

Чацарганы суулгац тарих

Чацаргана тарих хөрсийг суулгацын үндэс тал бүр тийш салбарлан ургах нөхцөл бүрдүүлэх зорилгоор хөвсгөр давхарга үүсгэх, хогын ургамал ургах нөхцлийг бууруулах арга хэмжээг сайтар авна. Чацаргана жимсний аж ахуйн зориулалтаар томоохон хэмжээний талбайд тариалах бол талбайг нэг корпуст анжисаар гүн шуудуу татаж, хагалан хог ургамлыг устгах ба, бага хэмжээний талбайд 30-40см гүн, 40-50см өргөнтэй нүх ухаж бэлтгэж үржил шим бүхий элсэнцэр хөнгөн хар, хүрэн хөрсний холимогыг бэлдэж нүхний 1/3 хүртэл дүргээд 30-50литер усаар урьдчилсан услаж бэлтгэнэ.  Суулгац тарих нүхэнд 3-5кг бог малын хөх бууц, 200-400гр азотфосфатын бордоог хөрстэй хольж хутгаж өгнө.
Бутны эгнээ хооронд 2,5-3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна. Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө, 10-р сарын эхээр тус тус тариална.
 Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15 см зузаан нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, гадаслан уяж тэгшлэх, бага зэрэг элс эсвэл шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна.
Чацарганыг тарихдаа 8-10 см суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг салхины дээд талд нь суулгана. Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг 60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсаны дараа усалгааг нэг бутанд 40-50литр ус орохоор тооцож 15-аас доошгүй удаагаар 30-40л усаар ханатал услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй 
Хавар бутны гэмтэж хатсан, хугарч, өвчилсөн мөчрүүдийг огтлох хэрэгтэй бөгөөд чацарганы бут 2.4м-ээс илүү өндөр байх шаардлагагүй. Чацарганы бутыг хэлбэржүүлэх хэрэггүй, танах тайрахдаа болгоомжтой хандахгүй бол бут үхэх ба хэлбэр дүрсээ алдаж, ургацын хэмжээ буурч эрт хөгширдөг.
Намар жимс хураасны дараа нэг бутанд 60-80 литрээр тооцож цэнэг усалгааг хийж, анхны цас оронгуут бутны ишийг цасаар сайтар манах буюу даавуу тааран материалаар ороож хавар хүртэл байлгана. Энэ нь бутыг хөлдөх болох мэрэгчид идэхээс хамгаалдаг.