Wednesday, January 8, 2014

Хумсан цэцэг /Календула/

Гадна талбайд үрээр шууд тарьж төвөггүйхэн ургадаг манайхны нэрлэж заншснаар Хумсан цэцэг, Алтан хундага цэцэг, Орос нэршил нь Календула нь гоёл чимэглэл төдийгүй айл гэрийн эмийн санд хэрэглэж болхуйц эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал ажээ. Хэрэглэхдээ цэцэгийн толгойн хэсгээр спиртэн хандмал, эсвэл сүүдэр газар хатаан хэрэглэх үедээ буцламгай халуун усанд уусгаж бусад эмийн ургамлын адилаар хандмал бэлтгэн хэрэглэх юм байна. Хандмалыг уушиг болон амьсгалын замын үрэвсэл, яршил засах, цэр ховлох, ходоод шулуун гэдэсний үрэвсэл, зүрх дэлсэх, элэг цөсний өвчин, цусны даралт ихсэлтийн эхэн үед хэрэглэнэ. Бэртэл гэмтэл, шалбархай, идээт үрэвсэл, хатиг, түлэгдэлт, хавдалт, цахлай, үлд зэрэгт цэцгийн түрхмэлийг хэрэглэдэг хэмээн “Хэрлэний Хөдөө аралд тарьсан нэн ховор, ховор, ашигт ургамал” номноо тэмдэглэн үлдээжээ.
Цэцгийн үрийг 20-25см гүнд хөрс боловсруулалт хийж бэлтгэсэн талбайг сайтар услаж чийглэн 2-3см гүнд 2-4 цаг бүлээн усанд дэвтээсэн үрийг 5-р сарын эхээр шууд тарьна. Хөрсний чийг 70-75% байх тохиромжтой.
Энэ түгээмэл байдаг сортыг 2 жил дараалан тарьсан гоё ургасан 
Оронж өнгөтэй давхар дэлбээтэй сорт ингэж цэцэглэж намайг баярлуулав

Гүйлс

Хавар эрт их хэмжээгээр цэцэглэдэг, цагаан өнгөтэй, гоё үнэртэй, үнэртэй ус хийхэд ашиглагддаг. 3-4 м өндөр ургадаг гоёлын зориулалттай,модлог ургамал. Ердийн гүйлс нь хүйтэнд сайн тэсвэртэй Сибирийн хүйтэн өвлийг ч, зуны аагим халууныг ч давдаг.
ТАРИЛТ: Гэрэлтэй, салхинаас нөмөр газар сайн ургадаг. 3н настай тарьцыг суулгах нүх 0,5 м гүн, 0,5м диаметртэй. Хөрс голохгүй ч хүчиллэг ихтэй хөрсөнд ургахгүй. Тарих нүхэндээ хар шороо, элсийг 1/3 харьцаагаар хийж, нүүрсний нунтаг хог, аргалын үнс, модны үртэс зэргийг хөрстэй бага багаар хольж хийж өгнө. Бүрхэг өдөр буюу оройн цагаар суулгахад тохиромжтой. Эхний жилдээ өндөр болохгүй, зөвхөн газар дороо үндэс нь бэхждэг.

АРЧИЛГАА: Суулгасны дараа нүхийг дүүртэл усална. Ургалтын явцад жилд 3-4 удаа, 4-7 см гүнд хүртэл хөрсийг сийрүүлж өгнө. Эхний жилийг эс тооцвол усалгаа бага шаардана. Мод ид цэцэглэж байх үед сайн усална, бусад үед нь хэт халууны үеэд л усална. Тэжээллэг бордоогоор жилд 1 удаа бордож өгвөл сайн. Нүхний орчмын зэрлэгийг зулгааж устгах хэрэгтэй. Эхний 2 жилийн өвөлд нь модоо үртэс болон өвсөөр хучиж дулаан өвөлжүүлнэ. 3 дахь жилээс эхлэн бараг арчилгаа шаардахгүй, өөрөө ургаж орчныг үзэсгэлэнтэй харагдуулна.




Бүйлс

Бүйлс нь цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн ургамал юм. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, балт, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Манай оронд Латинаар: Amygdalus pedunculata Pall. (Бариулт бүйлс), Amygdalus mongolica Maxim. Mongolian Almond (Amygdalus mongolica), (Монгол бүйлс) гэсэн 2 зүйл бүйлс ургадаг.
Бүйлс нь хавар 5-р сард навч дэлгэрэхээс өмнө ягаавтар цэцэг дэлгэрдэг. 7-р сард яст жимс боловсордог. Үрээр тарихдаа үрээ 24 цаг усанд дэвтээнэ. Ургах чадвартай үр усанд живнэ. Дараа нь нойтон самбайнд боож гялгар уутанд хийгээд тавихад 3-4 хоногийн дараа эхнээсээ соёолж эхэлдэг. Соёолсон үрээ шороонд 1,5см орчим гүнд суулгана. 3-4 хоногийн дараа бяцхан ногоон навч цухуйх бөгөөд  3 жилийн дараа цэцэглэж, үр жимсээ өгнө.

Тархалт:                 Хангай, Хэнтий, Монгол Алтай. Дундговьд: Зvvн талын бvх сумдад тархана.
Ургах нөхцөл:       Уулын өврийн чулуурхаг энгэрийг барьж ургасан байдаг.
Ач холбогдол:       Эмийн болон гоёл чимэглэлийн ургамал. Ханиахыг зогсоох, цэр арилгах эмэнд ордог