Sunday, February 26, 2023


 ХУШНЫ ТАРЬЦ УРГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

доктор (Ph.D) Ч.Базарсад Д.Цэндсүрэн
Манай ард түмэн хуш мод гэхээсээ самрын мод гэж сайн мэдэх ба эрт дээр үеэс хушны үр жимс болох самрыг хүнсэнд өргөн хэрэглэж ирсэн билээ. Хуш нь манай гариг дээр зөвхөн Монгол улс, Оросын Холбооны улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Манай гариг дээр нарсны төрлийн 70 орчим зүйлийн мод ургадгаас, манай оронд 3 зүйлийн (Pinus sibirica Du Tour; Pinus pumila Reger.; Pinus silvestris L.) нарс бий. Тэдгээрийн нэг нь хуш (Pinus sibirica) юм. Хуш нь манай орны ойн сангийн нийт талбайн 9.2 %-д дангаараа буюу голдуу шинэс, гацууртай хамт ой үүсгэн ургадаг. Хушин ой нь ерөнхийдөө хөгшрөх хандлагатай байгаа хийгээд хушин ойн өсвөр ургац түймэрт өртөх, хортон шавьж, хүний үйл ажиллагаанаас болж сүйдэх зэрэг шалтгаанаар хушин ойн сэргэн ургалт жигд сайн явагдахгүй байна. Тэрчлэн хот суурин, айл өрхийн эдэлбэр газрыг цэцэрлэгжүүлэх ажилд хушны тарьц, суулгацын эрэлт хэрэгцээ өсч байна. Иймд хушин ойг нөхөн сэргээх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажилд зориулан хушны тарьц, суулгацыг ургуулах шаардлагатайн дээр энэ талаар гарсан гарын авлага материал ховор байна.

1. Үр бэлтгэх арга, хугацаа. Хушны үр намар 9-р сарын хоёр дахь арав хоногоос боловсорч гүйцдэг. Гэхдээ үр боловсрох хугацаа нь тухайн жилийн ба өмнөх жилийн цаг уурын байдлаас шалтгаалан урагшлах буюу хойшлох үзэгдэл ажиглагддаг. Үр бүрэн боловсорсон үед боргоцойг модон мунаар түнших, модонд авирч түүх аргаар бэлтгэнэ. Модыг доргиож боргоцой бэлтгэхдээ түншүүр модныхоо толгойг резин, шир зэрэг зөөлөн эдээр өнгөлж, холтос гэмтээхээргүй болгосон байвал зохино. Модонд гарахдаа хугарч унахгүй, бүдүүн гишүү мөчрийг шат болгон авирахад ашиглахаас гадна, “Белка“ мэтийн зориулалтын дөрөө, бусад хэрэгслийг ашиглах нь зүйтэй. Мөн доод хэсгийн боргоцойг 2-3 метрийн урттай, мод, төмрөн саваагаар цохих, доргиох замаар унагах буюу хавар эрт цас хайлсны дараахан, салхиар унасан боргоцойг газар дээрээс түүж болно. Боргоцойн хайрсыг гараар задлах, эсвэл жижиг гар тээрэмд оруулах зэрэг аргаар цэвэр үрийг цайруулж авна. Ойжуулалтын ажилд хэрэглэх хушны үр буюу самрыг чанар, бүтээмж өндөртэй ойгоос бэлтгэх ёстой. Согогтой ой болон модноос үр бэлтгэхийг хориглоно. Үрийг зохих ёсоор хадгалахын (тарилтанд бэлтгэхийн) өмнө хайрцганд, эсвэл уутанд хийж, хуурай газар байлгах ба чийг авахуулах, хөгцрөх, халахаас сэргийлэх хэрэгтэй. Хадгалах үед үрийн чийгшилт 12-16% байвал зохино. Үрийн гарц 20-25% байдаг.
2. Үрийг тарилтанд бэлтгэх. Хушны үр нь урт хугацаагаар тайван байдалд ордог онцлогтой бөгөөд соёололтыг түргэтгэх урьдчилсан арга хэмжээ аваагүй үрийг хавар суулгавал тэр жилдээ гол төлөв үр ургаж, цухуйц гарч ургадаггүй. Иймд хавар тарих үрийг өвлийн улиралд багтаан тарилтад бэлтгэх хэрэгтэй. Хушны үрийг тарилтанд бэлтгэх стратификацийн буюу цаслах, элслэх зэрэг хэд хэдэн арга байдаг. Үйлдвэрлэлд ашиглаж болох хамгийн энгийн арга нь хавар тарих үрийг намар хуурай хөрстэй өндөрдүүхэн газар хөлдөхгүй үеийг хүртэл (1.5-2.0 м гүн) ухаж нүх бэлдэнэ. Нүхний ёроолд агаарын солилцоог сайжруулахын тулд 10-15 см зузаан үеэр жижиг хайрга дэвсэж, дээгүүр нь мөн зузаантай элсээр хучиж өгнө. Хушны үрийг 1:3 харьцаатайгаар элстэй хольж, энэ хольцоо нүхэндээ тарааж хийгээд банзаар таглана.. Ийм байдалд 80-90 хоног байлгасны дараа үр тарихад бэлэн болно. Үрээ бүлээн усанд хийж, 6-8 хоног дэвтээнэ. Усыг хоног тутамд солих шаардлагатай. Дараа нь голын том ширхэгтэй элстэй 1:2 харьцаагаар хольж, модон хайрцагт (хоёр хажуу, ёроолоороо агааржуулалтын зориулалттай нүхэлсэн, 20 см өндөр) хийж, тасалгааны дулаанд (180-200) байлгана. Хольцыг байнга чийгтэй байлгахын зэрэгцээ, түүний дээд хэсгийг доош, доод хэсгийг дээш нь оруулах маягаар үе үе хутгана. Энэ аргыг хэрэглэхэд 30-40 хоногийн дараа үр нь соёолоно. Цасны зузаан нь 1.5 м байх нь тохиромжтой. Цасан овоо нь байшингийн ард буюу ер нь сүүдэрт байх ба 10 см зузаан үртэс, сүрлээр хучсан байна. Тарихаас 1-2 хоногийн өмнө үрийг цасан дороос, эсвэл хөргөгчөөс гаргана.
3. Тарилт хийх хугацаа. Хушийг намар хаврын алинд ч тарьж болно. Хэрэв хавар тарилт хийвэл үрээ урьдчилан соёололтыг түргэтгэх буюу тарилтад бэлтгэх арга хэмжээ авсан байх талаар дээр бид зөвлөсөн. Урьдчилан тарилтанд бэлтгэж, тайван байдлаас гаргасан /стратификац хийсэн/ үрийг хавар 5-р сарын эхээр тарина. Намар үр түүсний дараа шууд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр буюу өвлийн тогтвортой хүйтэн эхлэхээс 1.5-2 сарын өмнө суулгана.Намрын тарилт нь хаврын тарилтыг бодвол хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, үр байгалийнхаа аясаар ирэх хавар нь соёолж ургах чадвартай болдог. Түүнийг тарилтад бэлтгэх бүх ажилбар, зардал шаардлагагүй болно. Шинэ тутам суулгасан үр соёолж ургах чадвараар сайн байдаг. Үр суулгасан талбайг жодоо, гацуурын мөчир, үртэс, сүрлээр хучиж болно. Ер нь мод үржүүлгийн талбай, түүний ойролцоох талбайг хог ургамалгүй байлгах, тэрчлэн мэрэгчдийг устгах ажлыг тухай бүр зохион байгуулах хэрэгтэй. Мөн үр тарьсан талбайг тойруулан 50 см өргөн, 50 см гүн, эгц ханатай шуудуу ухаж болно
4. Хөрс бэлтгэх. Хөрсийг 1-2 жил ураншилна. Хөрс нь 30-40 см гүн сийрэг сэвсгэр байх шаардлагатай. Хөрс нь 2%-иас дээш ялзмагтай, 100 г хөрсөнд 10-20 мг фосфор, кали ногдохоор үржил шимтэй, хөнгөн шавранцар, элсэнцэр бүтэцтэй байх шаардлагатай. Хөрсийг боловсруулах үед 1 га-д 5-10 тн бууц нпогдохоор тооцож бордоно. Хөрс бэлтгэх технологи нь тухайн газар орны хөрс, цаг уурын онцлогтой уялдан, янз бүр, тухайн нөхцөлдөө тохирсон байна.
5. Тарилт. Үрийг 1.0 метрийн өргөн, 10-20 см-ийн өндөр даланд 4-6 мөрөөр (ховил) суулгана. Цацаж тарьж болох юм. Тарих гүн нь хөрсний бүтцээс шалтгаалах ба 2-6 см байвал тохиромжтой. Нэг уртааш метр мөрөнд I зэргийн 35-45 гр үр буюу ойролцоогоор 150-200 ш үр орохоор бодож тарина.Үр тарихаас 1-2 хоногийн өмнө хөрсийг 20-30 см-ийн гүнд ханатал усална. Үр тарих ховилын ёроол чийгтэй бөгөөд унасан үр наалдаж байвал зохино. Үрээ мөрөнд жигд тараасны дараа 3-5 см зузаан хөрсөөр хучиж нягтруулна. Дээрээс нь 1 см зузаантай үе бүхий үртсээр хучвал сайн. Үртсээр хучих нь чийг хадгалах, хучаас хөрсний өнгөн үеийг урсгахгүй байх зэрэг сайн талтай. Үр суулгасны дараа 5-10 см-ийн зузаан үеийг жигдхэн чийглэж усалж өгнө.Хушны тарьцыг нийлэг хальсан хүлэмжинд ургуулж болно. Ерөнхий зарчим нь эгэл нарс ургуулахтай адил. Энэ талаар тусдаа зөвлөмж бий.
6. Арчилгаа. Тарилт хийснээс хойш цухуйц гарч иртэл 1 м2-д 5 л ус ногдохоор бодож услана. Хөрсний 10 см хүртлэх гүнд хангалттай чийгтэй байх шаардлагатай.Гэхдээ усалгааны хэмжээ нь хөрсний чийг, хур тунадасны байдлаас хамааран тухай бүр өөр өөр байж болно.Цухуйц гарч, жинхэнэ шилмүүс үүсэх үеэс усалгааг 1 м2-д 10-15 л ус ногдохоор тооцож хийнэ. Энэ нь цухуйцын үндэсний тогтолцоог чийгээр бүрэн хангаж өгөхөд чиглэгдэх учиртай. Хур тунадасны байдлаас хамааруулан усалгааг 2-3 хоногт нэг удаа хийнэ. Гэхдээ 8-р сарын 15-20-ноос хойш усалгаа хийх шаардлагагүй. Энэ нь тарьцны моджиход муугаар нөлөөлдөг. Харин намрын цэнэг усалгааг заавал хийх шаардлагатай бөгөөд хөрс хөлдөхөөс 5-7 хоногийн өмнө 1м2 талбайд 60-80 л ус ногдохоор тооцож цэнэг усалгааг хийнэ. Тарьц ургуулах бүх хугацаанд талбайн хог ургамлыг тогтмол устгаж цэвэрлэж байна. Хэрэв намар тарьцны шилмүүс хатаж шарлах, улмаар хорогдох байдалд орвол намар цэнэг усалгаа хийсний дараа ялангуяа нэг настай тарьцны оройн нахианаас дээш 5 см илүү гарч байх зузаан үеэр үртсээр хучна. Хавар хөрс 20-30 см-ийн гүнд гэсэх үеэр намар хучсан үртсийг авч зайлуулна. Тэгэхдээ тарьцны шилмүүс гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.

1.Хушин ойн тархалт.Хушин ойн манай манай гариг дээр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Дэлхийн нийт хуш модны нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг. Хушин ой нь Монгол орны Хангай, Хэнтий салбар уулаар тархан ургадаг.

2.Хушин нөөц. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг /нөөц нь 150525 м3 буюу 12 хувь/ эзлэн ургадаг.
Үүнээс Архангай 28.3 мян. га, Булган 51.2 мян. га, Төв 311.5 мян.га, Хэнтий 200.5 мян.га, Өвөрхангай 18.4 мян. га, Хөвсгөл 153.7 мян.га, Улаанбаатарт 36.9 мян. га талбайд тархан ургаж байна.
Хушин ой нь Манай орны ой бүхий уул нуруудын тунадас их унадаг нилээд чийгархаг уур амьсгалтай газруудад алаг цоог тархалттай ургадаг. Хушин ой нь царам, тайга, тайгын ойн бүслүүрт уулын хойд хажуугийн ихэвчлэн дээд хэсэгт дангаар эсвэл голдуу нарс, шинэстэй хамт ургаж холимог ой үүсгэдэг.
Хуш модны таксацын үзүүлэлт нь 2005 оны байдлар дунадаж нас нь 145, нэг га-ийн нөөц 177 м3, нэг га-ийн жилийн өсөлт 1.2 м3 байна.
Хуш задгай газар 25 насандаа, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлнэ.
Самрын борогцойны давирхай нь арилж, хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь самар бүрэн болж гүйцсэний  шинж тэмдэг юм. Самрыг 80-150 насны, 0.5-0.6 өтгөрөлтэй хушин ойгоос түүх нь ашигтай.

3.Хушны самрыг ашиглах боломж. Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна.
Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардууул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг.
Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг.
Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй ашигладаг.
Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориуулалтаар  ашиглах боломжтойг харуулж байна.
 Мөн түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг шинэ технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байна.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан 1 литр самрын тос 80-90 ам долларт хүрч байгаа мэдээ байна. Оросын эрдэмтдийн тооцоолсноор сибирийн Их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж болох ажээ.

4.Манай орон дах самрын ашиглалт. Манай улсын хувьд хушин ойгоос жилдээ дундажаар бага ургацын жилд 3.0-3.5 мянган тонн, их ургац жилд 5.0-6.0 тонн самрын хураан авч ашиглах боломжтой гэсэн   тооцоо бий.
 Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг болон ой хээрийн түймэр, хүний сөрөг нөлөөний улмаас хушин ойн талбай буурах хандлагатай байна. Самрын их ургацын жил нь 3-4 жилд нэг удаа тохиолдох бөгөөд мөн хугацаанд самар огт ургахгүй ч жил бий.
 Иймээс самрын ургацын жилийн давтамжийг урьдчилан тогтоох байнгын судалгаа шинжилгээний ажлыг хийх шаардлагатайгаас гадна тухайн жилд бэлтгэх боломжтой самрын хэмжээг гаргаж байх нь чухал юм.
     Самрын ургацын байдлаас хамаарч нэг модноос дунджаар 80-120 ширхэг боргоцой түүх боломжтой, ургац сайн жил дээд тал нь 250 ширхэг боргоцой түүх тохиолдол бий.
Амьдрал дээр 5 уут боргоцой цайруулж нэг шуудай /45 кг/ самар гарган авдаг. Нэг шуудайнд 350-500 ширхэг боргоцой ордог.
Нэг шуудай боргоцойноос 7-10 кг самар гарган авдаг.
 Нэг модноос дунадажаар 1.5-3.6 кг самар түүх боломжтой. Боргоцой бэлтгэх явцад модны иш гэмтэх, гэмтсэн хэсгээр иш, иш холтосны шавьж нэвтрэн орох замаар хуш мод гэмтэж хатах тохиолдол нилээд хэмжээгээр гардаг.

5.Хуш модыг хамгаалах эрх зүй. Монголчууд дээр үеэс байгаль орчноо хамгаалах, түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах талаар сайхан уламжлалтай билээ. Манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн билээ.
Хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирэв. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглосон байна.
Байгалийн  ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан.
Хуш модыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тушаалын хавсралтаар ховор ургамал, амьтны жагсаалтанд оруулж  баталсан. 2004 оны Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нарсны төрлийн үр жимсийг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусдаар хэрэглэхийг хориглосон. Нарсны төрлийн модонд хуш орно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15-ын 4-т Төрийн захиргааны төв байгууллага болон Байгаль орчны яам "Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох" бүрэн эрхтэй билээ.
Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчны сайд 2006 онд 264 дүгээр тушаал гаргаж үйлдвэрлэлийн зориулалтаар хушны самар бэлтгэхийг хориглосон билээ.

6.Хушны самрын ашиглалт. Дээр үеэс манай өвөг дээдэс хушны самрыг зөвхөн ахуйн хэрэглээндээ хүнсний журмаар хэрэглэж ирсэн байна. Харин сүүлийн жилүүдэд хуш модны нөөц бүхий аймгуудад самрыг хулгайгаар их хэмжээгээр бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй хохирол учруулах болов. Иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ нэгэнт бий гэсэн мэдээлэл байдаг.
Дэлхийд ховор хушин ойг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зэрэгцээ өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Байгаль хамгаалах орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 2006 онд 264 дүгээр тушаал зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг үндэслэн хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглоход байгаль орчны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй.

Нөгөө талаар дээрхи хууль тогтоомжийг  зөрчиж, үе үеийн Засгийн газраас самрыг экспортлох шийдвэр гаргаж байсан зуршлыг эцэс болгох санал болгож байна

Манайд сүүлийн үед хушны самрын үйлдвэр, цех, тасгууд болон хувийн хэвшлийн шугамаар байгуулагдаж байна. Эдгээр нь байршлын хувьд Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад байна.


Хуш модны самар
Сибирь хуш модноос гарах бүтээгдэхүүнд ялангуяа, самарыг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш ашиглаж ирсэн байна. Хуш мод, түүний самар нь эмчилгээний олон төрлийн бодис агуулдаг байна. Гэвч өнөөг хүртэл хуш, түүний самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна. Өнөөдрийн байдлаар Сибирийн хушны самраар Самрын тос, цөцгий, Самрын майноз, ёогурт шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс үзэхэд самрыг хүнсний бус өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх нь давуу болсон байна. Самрын чөмөгний найрлагад Тос тослог 59.9%, уураг 19.6% , нүүрстөрөгч 16.7% байдаг. Самрын уураг нь хүний биед түргэн шингэх онцгой чанартай. Самрын 20 гаруй хувьд байдаг амин хүчил нь нялх хүүхдэд орлуулашгүй бодис болдог. Самрыг юуны өмнө хүнсэнд хэрэглэж заншсан байна. Боргоцойноос нь цайруулж бэлтгэж хайрах эсхүл шарах аргаар боловсруулж ирсэн. Самрын тос нь алтан шаргал өнгөтэй, анхилуун үнэртэй таатай амттай байдаг. Самрын тос нь амьтны гаралтай тосноос халаах чанар өндөр, наранцэцгийн тосноос шингээх чанар сайтай бөгөөд олив модны тостой ижил чанартай болох нь тогтоогдсон байна.
Цөмөөд, цөлмөөд дуусах уу

Газар дэлхий өнгөө засах тэсэн бололтой хэдэн өдөр үе үехэн хүчтэй орсон аадар ажилгүйчүүдийг ажилтай болгож, хэл үг авдаггүй хэнэггүйчүүдийг хатуухан нэг сануулаад авав. Хаа сайгүй гудмаар хөглөрөх элдэв хог, хамаа замбараа нь олдохгүй эрээлжсэн хот төлөвлөлтөд бухимдсан уу, халцгай л байвал шон хатгаж, суурь ухаад барилга байшин барьдаг их хотынхноос “ингээд намайг зовоо” гэсэн янзтэй эвтэйхэн нэг хариугаа авч байна уу гэлтэй, хангай дэлхий бухимдлаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй нь биш ирэх бороонд л бэлтгэлтэй байвал болох нь тэр. Дотор давчдуулсан эмзэглэлээсээ эргэж, тойрч жаахан тэрлэлээ. Ингээд гол сэдэв рүүгээ оръё. Дэлгэсэн тэрлэг шиг эх орноо цөмөөд, цөлмөөд дуусах нь гэвэл хилсдэхгүй л болов уу. “Өрөвдөхөөр өрөн дээр гишгэнэ” гэгчээр байгалийн баялгаа манайхан зөв ч хүртэж чаддаггүйг жил жилийн намар эд биелэлээ олох самарны зүй бус ашиглалтаас харж болно. Самар бол жил өнжиж ургадаг жимсний нэг төрөл. Бурхны эдээ ч гэж тодорхойлдог. Самар нүүчихжээ хэмээх яриа манайхны дунд бишгүй байдаг. Самар ихтэй газрыг зориод, түүхээр очиход заримдаа юу ч үгүй алга болчихсон байдаг нь лус савдаг идээгээ хураажээ гэж хүмүүс хэлэлцэж байхыг сонсож байлаа.
Самрыг зүй бусаар түүж, ашиглагсдыг “хэмлэгчид” гэж нэрлэе. Магадгүй оносон ч нэр байх. Хэмлэх хэмлэхдээ хуш модыг нь сүйтгэж хэмлэдгийг бодохоор эдний гэр орныг нураагаад эд зүйлсээс нь хулгайлаад байвал ямар янзтай болцгоох бол гэсэн бодол төрнө.
Хэмлэгчид самар түүх гэж мөчрөөс нь хугална, хажуу хавиргаас нь мундана, өө тэгээд самар унаж л байвал хөрөөдөж тайраад ч хамаагүй түүх нь наад захын хэрэг. Модыг их мундахаар холтос нь хууларч унаад тухайн мод үхдэг. Ингэж мундасны улмаас үхсэн мод, хэмлэгчдийн гар хүрсэн газруудад олноор бий болно. “Алтыг нь аваад авдрыг нь сэгсэрнэ” гэгчээр самраа аятайхан түүгээд явахын оронд шунан тусан хуш мод сүйтгэдэг нь халагламаар.
Самар хэрэмний гол хоол. Хэрэм бүтэн жил идэх самраа нөөцөлж, хураадаг. Хэрэв тэдний нөөцөлсөн самар хэмлэгчдийн гарт орвол хэрэм боож үхдэг гэнэ. Адууны сүүл гэх мэт хялгасаар өөрийгөө боодог байна. Гайхажбайгаабиз. Би ч гэсэн анх сонсоод их цочирдсон. Хүн ч гэсэн дээ, өөрийнх нь хамгийн үнэтэй зүйл үгүй болоход сэтгэлийн хатгүй зарим нь амиа ч хорлох үе гардаг. Тэгэхээр самар бол хэрмэнд ямар үнэтэй зүйл болох нь ойлгомжтой. Байгалиа эвдэж сүйтгэн түүсэн самраа ихэвчлэн хууль бусаар гадагшаа гаргахаар завддаг тохиолдол их гардаг. Жишээлбэл зургадугаар сарын 18 өдөр Замын-Үүдийн гаалиар 13 тонн цөмсөн самрыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан байна. Энэ хэрэг одоо Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Эх орныхоо баялгийг ингэж цөлмөөд хилийн дээс давуулаад байх юм бол өөрсдөө юутай үлдэх вэ. Самар ч үгүй, хуш ч үгүй цаашлаад ой мод ч үгүй болох вий. Манайулс ихэд хуурайшсан, ой мод багатай бүсэд хамаарагддаг болохоор байгаа хэдэн байгалийн модоо сүйтгээд байвал хэдхэн жилийн дараахь ирээдүй бүрхэгээр л төсөөлөгдөнө. Түүхий эдээ ингэж хууль бусаар хил давуулан худалдчихаад эргүүлээд өөрсдөө түүнийг хэд дахин өндөр үнээр эргүүлж авдаг эрүүл бус тогтолцоо манайд бүр газар авсан. Энд хэсэгхэн хүн л баяжихаас өөр үр дагаваргүй.
Жин үдээр жинтэйхэн орох аадар манайхныг нэлээн ниргээд авсан шиг хуш мод руу тэгж мундаж дайраад байвал хэсэгхэн хугацааны дараа самар ч үгүй, хэрэм ч үгүй болох вий. Байгалийн баялгаа одоо л байгаа дээр нь гамнахгүй бол элэг буруу харийнхан хайрлана гэж үү. Цөлмөж дууссан хойно нь халаглахгүйн төлөө ядаж самраа ингэж мундаж үгүйрүүлэхгүй байхсан, дор бүрнээ.
Ж.Саруул

Хуш мод задгай газар 25, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлдэг гэдэг. Эдүгээ нийслэлийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хаа сайгүй болц нь гүйцээгүй түүхий боргоцойг ширхэг бүрийг нь 300 төгрөгөөр борлуулж байна. Уг нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглодог.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн аравдугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болох тухай заалт бий. Болц нь гүйцээгүй самар мөчрөөсөө юу гэж тийм амар салах билээ. Байгалийн жамаараа бол боргоцойны давирхай арилж, хайрсан бүрхэвч нь амархан салах үе буюу 10-12 дугаар сард самар бүрэн болж гүйцдэг байна.

Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байгаа гэнэ. Дэлхийн хуш модны нийт нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг ажээ. Харин манай улсад хушин ой нь Хангай, Хэнтийн салбар уулаар тархан ургадаг бөгөөд ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг эзэлдэг гэх гунигтай мэдээ бий.

Монголчууд дээр үеэс байгаль орчноо түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах сайхан уламжлалтай ард түмэн. Түүнчлэн манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн ч эдүгээ шиг хэн дуртай нь самрыг нь гүйцэд боловсроогүй байхад "тонож", хайр найргүй хугалж хөрөөдөж явсан түүх үгүй.

Тиймээс хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг цаг алдалгүй чангатгах шаардлага бий болж. Ой хэмээх амьд ертөнцийг сүйтгэж байгаа энэ хууль бус үйлдлийг даруй зогсоохгүй бол хушин ойд амьдардаг хөөрхөн хэрэм, жирх, шувууд ер нь ой тэр аяараа уйлж байгаа шүү дээ хүмүүс минь.