Friday, July 26, 2013

Бөөрөлзгөнө тарих арга




 Дархан Уул аймгийн иргэн С.Мөнхцэцэг бөөрөлзгөнө тариалаад 5 жил болж байна. 
Канад сортын Бөөрөлзгөний жимс нь том, эрт болцтой байдаг.
Шаравтар ба хүрэн ягаавтар өнгийн иш, мөчиртэй, өргөслөг бүрхүүлтэй 0.5-1.8 м хүртэл өндөр ургадаг олон наст сөөг юм. Бөөрөлзгөнийн газар дээрээс иш 1-2 настай, үндэсний систем нь олон настай байдаг онцлогтой. Түүний хоёр настай мөчирт жимс сууна. Жимсэлсэн мөчир тэр жилдээ хатна. Дараагийн жилд шинээр ургасан мөчрүүд төлжин ургадаг
Нэг удаа суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлжнэ. Бөөрөлзгөнийн сөөг 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж, 8 дугаар сараас 9 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд жимс нь боловсорч дуусна. Түүний жимсийг түүхэд хялбар байдгийн зэрэгцээ амархан мууддаг учир жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс, дармал хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө. Жимсэлсэн 2 настай мөчрүүдийг тайрч цэвэлэдэг.
ТАРИЛТ: . Бөөрөлзгөний 1-2 настай суулгацаар 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см, мөр хооронд 100-120см таридаг. Нэг дор бут маягаар тарьж байгаа тохиолдолд хооронд нь 60-70 см зайтай тарина, ингэхдээ дундуур нь явж арчлах зайг бодолцох хэрэгтэй. Чийглэг, хөнгөн элсэрхэг, сайтар бордсон тэжээллэг хөрсөнд ургахдаа сайн. Ургац их авахын тулд доод тал нь 2 өөр сортыг хольж таривал тоос хүртэлт сайн явагдан жимс сайн өгнө. Бөөрөлзгөнийг нэвт салхилдаг газар болон сүүдэрт, мөн өдөржин нар шарах газарт тарьж болохгүй. Өглөөнөөс өдөр хүртэл нар тусдаг, нөмөр газар сайн ургадаг. 
Тарихдаа талбайн аль нэг хэсэгт захдуу таривал арчлахад зохимжтойгоос гадна үндэсний сэжмээр тарж ургадаг тул аажмаар ихээхэн талбайг бүрхдэг. Бөөрөлзгөнө нь хөрсний чийг, эрдэсийг өөртөө ихээр татдаг учраас дэргэдэх ургамлын тэжээлийг булаана гэсэн үг. Тарихдаа нэг дор бөөн байдлаар бут болгож, эсвэл уртааш нь шуудуулан тарьж болно. Үндэсийг нь газрын гүнд 5-6 см байхаар тооцон гүн биш тарина. Тарьсан нүх болон шуудууны гадуур ус тогтоох нүхтэй байхаар тооцно. Таримагц сайн услаад, ус шингэмэгц дээрээс нь өнжсөн бууц болон сүрэл, өвс зэргээр хучиж өгнө. Энэ нь хөрсний чийг алдагдаж хатахаас сэргийлэхээс гадна бордоо болж өгнө. Суулгацыг шинээр тарингуутаа мөчрийг газрын хөрснөөс дээш 20-25 см үлдээн тайрна. Ингээгүй тохиолдолд жимс бага өгч, дараа жил нь жимс өгөх шинэ мөчир ургадаггүй. Услахдаа шуудуугаар нь ус гүйлгэж услах ба хүйтэнд тэсвэргүй тул 10-р сарын эхээр сөөгүүдийн хооронд шороо хийж түүн доор мөчрүүдийг нь газар хэвтүүлж байрлуулаад 15см зузаан шороо, цас, үртэс, сүрэл зэргээр хучиж өвөлжүүлнэ. Мөн тунел байрлуулж хучиж болох энэ тохиолдол намар орой болтол жимс хураан авах боломжтой.






ЗУН ТАРЬЦ, СУУЛГАЦ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ



Дархан уул аймгийн Дархан сумын иргэн Л.Наранцэцэг.
Миний үндсэн мэргэжил бол нягтлан бодогч тэтгэвэртээ суугаад мод тарихыг илүү их сонирхох болсон одоо л нэг учрыг нь олж байгаа. Анх хань минь арваад жилийн өмнө Дарханы ургамлын хүрээлэнгээс Америк сарнай авчирч тарьсан нь хавар, зунжингаа цэцэглэж өнгө үзэмж, тансаг үнэрээрээ өдөр бүхэн намайг баясгадаг. Манай хашаанд Сарнай, Өрөл, Монос, Үхрийн нүд, Чацаргана, Голт бор, Гандигар, Бөөрөлзгөнө гэх мэт барагцаагаар 400 гаруй тооны мод бут ургаж байгаа. Тарьсан моднууд минь жил ирэх тусам үр жимс, үндэсээрээ өргөжин олон болсоор байна. Анх 10 аадхан сарнай тарьсан нь өнөөдөр 200 гаруй, 20 Үхрийн нүдний суулгац тарьсан нь одоо 100 гаран бут болж жилдээ 100 гаруй килограмм үхрийн нүдний жимс хураан авдаг. Хааяа бусад модныхоо жимснийг нь түүж бардаггүй. Мойл, Өрөлөөрөө жимсний дармал, бөөрөлзгөнө, үхрийн нүдний жимсээрээ жимсний соок хийж өвөл ач зээ нартаа уулгаж ханиад томуунаас хамгаалдаг. Жил бүр найз нөхөд, хамаатануудаа мод бут, жимснээсээ өгдөг. Надаас мод авч тарьсан хүмүүс модоо ургууллаа гэхэд их сайхан санагддаг шүү.  Мод бол ийм л их буянтай сайхан ургамал даа.
Тарьсан моднууд Хавар болмогц ургаад, цэцэг жимсээ өгөөд ирхээр ажил их болдог. Өдөр бүхэн үүрээр босоод зэрлэгээ зулгаадаг. Мод тарьж байгаа нөхцөлд зэрлэг ургамлыг сайн түүж талбайг цэвэрлэх хэрэгтэй. Ургамалд хэрэгтэй шим тэжээлийг зэрлэг ургамал булааж өнгө үзэмжгүй болж, цэцэг жимсээ муу өгдөг. Өндөр модны сүүдэрт чийг их хуримтлагдсан байдаг тул Монос, Өрөл модны жимс газарт унаж  хавар өөрөө ургаж эхлээд 3аас дээш тооны хос навчтай болох үед үржүүлэх зорилгоор шилжүүлж суулгаж болно. Ер нь модыг шилжүүлэх үедээ үндсийг л гэмтээхгүй хөрстэй нь салгаж авч чадвал хавар, зун, намрын аль ч улиралд шилжүүлж болдог. Гэхдээ зун хөрстэй нь шилжүүлж байгаа үед тухайн жилийн хавараас эхлэж ургаж байгаа үрээр ургадаг моднууд шилжүүлэг сайн даадаг. Өндөр том болох тусам зун шижлүүлж байгаа нөхцөлд үндэс нь гэмтэж мод үхдэг учир тухайн жилдээ шилжүүлбэл үр дүнтэй. Шилжүүлгийг хийхдээ бортого/ дараагийн шилжүүлэлтэнд зориулан бэлдсэн сав болон уутыг нэрлэнэ/ болон тусгайлан бэлдсэн талбайд суулгаж болно. Үүний тулд эхлээд тарьцыг хөрстэй хамт үндсийг гэмтээлгүй болгоомжтойгоор хүрзээр гишгэн суллаж аваад шилжүүлэх газраа эсвэл бортогонд суулган үндсийг хөрстэй нь барьцалдуулах агаар оруулахгүй байх зорилгоор хөрсийг дарж, сайтар нягтруулан зөөлөн шүршиж услана. Шилжүүлсэн тарьц нөмөр, сүүдэр газарт байрлаж тогтмол чийгтэй байх хэрэгтэй. Тухайлбал доорх зурагт хашаа болон мод хоорондын дунд шилжүүлсэн Моносны тарьц 100% ургаж байна. Хурц нарны тусгалтай сүүдэр нөмөрлөхгүй газар шилжүүлсэн тарьц хурдан хатаж шарлаж үхэхийг анхаарах хэрэгтэй. Хөрс хөнгөн сийрэг байх тусам үндэсний систем сайн хөгжиж хурдан ургана. Усалгааг хөрс тогтмол өлөн чийгтэй байхаар тохируулан услаж байхын зэрэгцээ малын бууцаар бордож болно.  





Thursday, June 6, 2013

Агч



Дэлхий дээр олон зүйлийн агч байдгаас манай оронд зөвхөн Ховил навчит агч буюу Aсer нутагшин ургаж байна. Ховил навчит агч нь Хойт Америкаас гаралтай нуурын эрэг, голын хөвөөгөөр 25 метр хүртэл өндөр ургадаг, халуун болон ганд тэсвэртэй, хүйтэнд харьцангуй өлчир байдгаараа онцлог. Эр модны цэцэг хүрэн улаан эм модны цэцэг цайвар шаргал өнгөтэй. Цэцэглэсний дараа 5-р сарын сүүлчээр үр тогтож, намар 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр үр бүрэн боловсордог. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр нь нэг шилбэнээс хоёр тийш хос хосоороо байрласан далавч бүхий цагаан шаргал өнгөтэй. Үрийн урт дунджаар 1 см , далавчны хамт 3 см орчим байна.
 Агч нь харьцангуй хурдан ургаж өндөр болдог чимэглэлийн чухал мододын нэг юм. Агчийг барилга, орон нууц, гудамж талбайн гадна талаар нэг нэгээр нь тарьж хэлбэржүүлж болдог. Дулаанд дуртай бөгөөд хүчтэй салхины нөлөөгөөр мөчир нь салаагаараа цуурч хугарах тохиодол байдаг тул барилга байгууламжийн өмнө, цэцэрлэгт хүрээлэнд бусад моддын нөмөрт тарих нь илүү тохиромжтой.Агчны навч гоёмсог хэлбэртэйн дээр намар гөвөгдөхийн өмнө улбар шараас дун шар өнгөтэй болон хувирах тул шилмүүст мододын өмнө тарихад өнгөний гоёмсог хослолыг үүсгэдэг навчаараа гоёдог мод юм.





Голт бор


 
Голт борын навч нь зуувандуу бүтэн ирмэгтэй 5-10 см урт, 3-5 см өргөн хар ногоон өнгөтэй. Гэрэлд дуртай анхилуун үнэртэй, хөх ягаан өнгийн цэцгийн диаметр 1 см, баг цэцэг 10-20 см урт. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм. 5-р сарын дундаас 6-р сарын сүүлч хүртэл цэцэглэдэг балт ургамал. Анхилам сайхан үнэртэй учир үнэртэн гоо сайханы бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Ганц нэг хэсэг бүлгээр тарьвал зохимжтой. 60х50 хэмжээтэй нүхэнд тарина. Нүх хооронд 2м-ээс ойргүй тарина. Элс, хар шорооны холимог бүхий бүтэц сайтай хөрсөнд таривал тохиромжтой 3-5 м өндөр бутлаж ургадаг 40-50 наслана.