Friday, July 26, 2013

ЗУН ТАРЬЦ, СУУЛГАЦ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ



Дархан уул аймгийн Дархан сумын иргэн Л.Наранцэцэг.
Миний үндсэн мэргэжил бол нягтлан бодогч тэтгэвэртээ суугаад мод тарихыг илүү их сонирхох болсон одоо л нэг учрыг нь олж байгаа. Анх хань минь арваад жилийн өмнө Дарханы ургамлын хүрээлэнгээс Америк сарнай авчирч тарьсан нь хавар, зунжингаа цэцэглэж өнгө үзэмж, тансаг үнэрээрээ өдөр бүхэн намайг баясгадаг. Манай хашаанд Сарнай, Өрөл, Монос, Үхрийн нүд, Чацаргана, Голт бор, Гандигар, Бөөрөлзгөнө гэх мэт барагцаагаар 400 гаруй тооны мод бут ургаж байгаа. Тарьсан моднууд минь жил ирэх тусам үр жимс, үндэсээрээ өргөжин олон болсоор байна. Анх 10 аадхан сарнай тарьсан нь өнөөдөр 200 гаруй, 20 Үхрийн нүдний суулгац тарьсан нь одоо 100 гаран бут болж жилдээ 100 гаруй килограмм үхрийн нүдний жимс хураан авдаг. Хааяа бусад модныхоо жимснийг нь түүж бардаггүй. Мойл, Өрөлөөрөө жимсний дармал, бөөрөлзгөнө, үхрийн нүдний жимсээрээ жимсний соок хийж өвөл ач зээ нартаа уулгаж ханиад томуунаас хамгаалдаг. Жил бүр найз нөхөд, хамаатануудаа мод бут, жимснээсээ өгдөг. Надаас мод авч тарьсан хүмүүс модоо ургууллаа гэхэд их сайхан санагддаг шүү.  Мод бол ийм л их буянтай сайхан ургамал даа.
Тарьсан моднууд Хавар болмогц ургаад, цэцэг жимсээ өгөөд ирхээр ажил их болдог. Өдөр бүхэн үүрээр босоод зэрлэгээ зулгаадаг. Мод тарьж байгаа нөхцөлд зэрлэг ургамлыг сайн түүж талбайг цэвэрлэх хэрэгтэй. Ургамалд хэрэгтэй шим тэжээлийг зэрлэг ургамал булааж өнгө үзэмжгүй болж, цэцэг жимсээ муу өгдөг. Өндөр модны сүүдэрт чийг их хуримтлагдсан байдаг тул Монос, Өрөл модны жимс газарт унаж  хавар өөрөө ургаж эхлээд 3аас дээш тооны хос навчтай болох үед үржүүлэх зорилгоор шилжүүлж суулгаж болно. Ер нь модыг шилжүүлэх үедээ үндсийг л гэмтээхгүй хөрстэй нь салгаж авч чадвал хавар, зун, намрын аль ч улиралд шилжүүлж болдог. Гэхдээ зун хөрстэй нь шилжүүлж байгаа үед тухайн жилийн хавараас эхлэж ургаж байгаа үрээр ургадаг моднууд шилжүүлэг сайн даадаг. Өндөр том болох тусам зун шижлүүлж байгаа нөхцөлд үндэс нь гэмтэж мод үхдэг учир тухайн жилдээ шилжүүлбэл үр дүнтэй. Шилжүүлгийг хийхдээ бортого/ дараагийн шилжүүлэлтэнд зориулан бэлдсэн сав болон уутыг нэрлэнэ/ болон тусгайлан бэлдсэн талбайд суулгаж болно. Үүний тулд эхлээд тарьцыг хөрстэй хамт үндсийг гэмтээлгүй болгоомжтойгоор хүрзээр гишгэн суллаж аваад шилжүүлэх газраа эсвэл бортогонд суулган үндсийг хөрстэй нь барьцалдуулах агаар оруулахгүй байх зорилгоор хөрсийг дарж, сайтар нягтруулан зөөлөн шүршиж услана. Шилжүүлсэн тарьц нөмөр, сүүдэр газарт байрлаж тогтмол чийгтэй байх хэрэгтэй. Тухайлбал доорх зурагт хашаа болон мод хоорондын дунд шилжүүлсэн Моносны тарьц 100% ургаж байна. Хурц нарны тусгалтай сүүдэр нөмөрлөхгүй газар шилжүүлсэн тарьц хурдан хатаж шарлаж үхэхийг анхаарах хэрэгтэй. Хөрс хөнгөн сийрэг байх тусам үндэсний систем сайн хөгжиж хурдан ургана. Усалгааг хөрс тогтмол өлөн чийгтэй байхаар тохируулан услаж байхын зэрэгцээ малын бууцаар бордож болно.  





No comments:

Post a Comment