Saturday, July 27, 2013

Улиас мод тарих




Улиас нь Бургасны овогт хамаарагддаг модлог ургамал юм. Манай оронд лавар навчит Улиас, анхилам Улиас зонхилон тохиолдог ба тайралт хийгээгүй нөхцөлд 30 гариу метр хүртэл өндөр ургадаг. Ногоон массыг хамгийн хурдан бүрэлдүүж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх өндөр ач холбогдолтой. Нас бие гүйцсэн нэг л Улиас мод жилд 30 гариу кг тоос шороог навчныхаа гадаргууд хуримтлуулж агаарыг цэвэршүүлдэг.
Эм Улиасны үр 7-р сарын эхээр боловсорч хөвөн цагаан ноолууртай үрээ салхиар тараадаг. Хот тохижолтонд үрээ салхиар тараахаас сэргийлж эм Улиасны үр задрахаас өмнө мөчрийг тайрч хэлбэржүүлж болдог.

Мөчир бэлтгэж үржүүлэх:
Мод үржүүлгийн зориулалтаар  Улиасны саваа мөчрийг 2-3р сард бэлтгэж тарих хүртлээ шуудуу, нүх, зооринд элс, цасаар булж хадгалана. Мөн бэлтгэсэн саваа мөчрүүдийн хадгалах боломж муу нөхцөлд чийгийг алдагдуулахгүйгээр нахиа задрахаас өмнө 3-р сарын 15наас 5-р сарын 1ний хооронд эх модноос бэлтгэж болдог боловч өвөл бэлтгэсэн мөчрийн амьдралт илүү сайн байдаг.
Бэлтгэх мөчрийн голч 1см-ээс илүү бүдүүн, 1.2 метрээс илүү урттай нэг настай мөчир байх нь тохиромжтой. Мөчрийн дээд хэсгийг тэгш, ёзоор хэсгийг ташуу 20-25см урттай секатороор/зориулалтын хайч/ тайрч, устай саванд 24 цаг сойж тарилтанд бэлтгэнэ.
Улиасны тайрдас суулгах хөрсийг 30-40см гүнд хагалж боловсруулаад 4х6м юмуу 6х8 хэмжээтэй хайрцаглан засаж дэвсэг бэлдээд тарилт хийхээс өмнө ханатал услана. Мөчрийн тайрдасыг дэвсэгт ургамал хооронд 10см зайтаагаар эгнүүлэн тарьж 2-3настай болмогц шилжүүлдэг.
Хөнгөн, элсэнцэр бүтэцтэй хөрсөнд тайраадсын оройн хэсгийг хөрсний гадаргуутай ижил төвшинд, хүнд хөрсөнд оройн нэг нахиаг ил гаргаж тарина.

Усалгаа:
Мөчрийг суулгасны дараа эхний 14 хоногт 4 удаа, дараа нь 7 хоногт 1 удаа дэвсгийг нэвчтэл услана. Усалгааны дараа хөрсний зай завсарыг шороогоор дахин чигжиж, гишгэн тэгшлэх шаардлагатай.  8-р сарын 16-с 9-р сарын 15-ныг хүртэл 10-15 хоногт 1 удаа услаж байгаад газар хөлдөхөөс 2-3 долоо хоногын өмнө цэнэг усалгаа хийнэ. Усалгааг шуудуугаар урсгаж хийх нь тохиромжтой байдаг. Мөн мөр хоорондын хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг устах ажлыг ургамлын ургалтын хугацаанд 5-6 удаа хийнэ. 2 долоо хоногт 1 удаа арчилгаа хийнэ.





No comments:

Post a Comment