Monday, September 2, 2013

Чацарганы суулгац тарих

Чацаргана тарих хөрсийг суулгацын үндэс тал бүр тийш салбарлан ургах нөхцөл бүрдүүлэх зорилгоор хөвсгөр давхарга үүсгэх, хогын ургамал ургах нөхцлийг бууруулах арга хэмжээг сайтар авна. Чацаргана жимсний аж ахуйн зориулалтаар томоохон хэмжээний талбайд тариалах бол талбайг нэг корпуст анжисаар гүн шуудуу татаж, хагалан хог ургамлыг устгах ба, бага хэмжээний талбайд 30-40см гүн, 40-50см өргөнтэй нүх ухаж бэлтгэж үржил шим бүхий элсэнцэр хөнгөн хар, хүрэн хөрсний холимогыг бэлдэж нүхний 1/3 хүртэл дүргээд 30-50литер усаар урьдчилсан услаж бэлтгэнэ.  Суулгац тарих нүхэнд 3-5кг бог малын хөх бууц, 200-400гр азотфосфатын бордоог хөрстэй хольж хутгаж өгнө.
Бутны эгнээ хооронд 2,5-3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м.кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна. Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө, 10-р сарын эхээр тус тус тариална.
 Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15 см зузаан нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, гадаслан уяж тэгшлэх, бага зэрэг элс эсвэл шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна.
Чацарганыг тарихдаа 8-10 см суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг салхины дээд талд нь суулгана. Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг 60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсаны дараа усалгааг нэг бутанд 40-50литр ус орохоор тооцож 15-аас доошгүй удаагаар 30-40л усаар ханатал услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй 
Хавар бутны гэмтэж хатсан, хугарч, өвчилсөн мөчрүүдийг огтлох хэрэгтэй бөгөөд чацарганы бут 2.4м-ээс илүү өндөр байх шаардлагагүй. Чацарганы бутыг хэлбэржүүлэх хэрэггүй, танах тайрахдаа болгоомжтой хандахгүй бол бут үхэх ба хэлбэр дүрсээ алдаж, ургацын хэмжээ буурч эрт хөгширдөг.
Намар жимс хураасны дараа нэг бутанд 60-80 литрээр тооцож цэнэг усалгааг хийж, анхны цас оронгуут бутны ишийг цасаар сайтар манах буюу даавуу тааран материалаар ороож хавар хүртэл байлгана. Энэ нь бутыг хөлдөх болох мэрэгчид идэхээс хамгаалдаг.






No comments:

Post a Comment