Thursday, June 6, 2013

МОД ТАРЬЖ, АМЬДАРЛЫНХАА МӨНХИЙН ЗУЛЫГ АСААЦГААЯ!


Дэлхий нийтээр хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, хөрсний элэгдлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, дуу шуугианыг намдаах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн, хүн амын эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд зүлэг мод, сөөг тарьж цэцэрлэгжүүлэн , ногоон байгууламжийн эзлэх талбайн хувь хэмжээг цаг үргэлж нэмэгдүүлэх явдал өдөр ирэх тусам улам чухал болж байна.
Ялангуяа сүүлийн арваадхан жилийн хугацаанд дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөө төдийгүй бид бүхний буруутай үйлийн улмаас Монгол оронд цөлжилт эрчимтэй явагдаж, цөлжилтөнд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 72 хувь дундаас дээш зэрэглэлтэй цөлжилтөнд өртөж, улсын хэмжээнд 551 гол, 483 нуур, 1587 булаг шанд ширгэн хүрээлэн буй орчин доройтож, аюулын харанга дэлдэж буй энэ цаг үед мод, сөөг тарина гэдэг туйлын ач холбогдолтой юм.
Мод тарих ажлын ач холбогдлыг төр засгийн хэмжээнд ихээхэн анхаарч, дэмжиж байгаа бөгөөд 2004 онд Нийслэлийн Засаг Даргын Захирамжаар “цэцэрлэгжүүлэлтийн ажлыг урамшуулах журам” баталж, ард иргэд, албан байгууллагуудын өөрсдийн хөрөнгөөр тарьж суулгасан мод, сөөгний ургалтын байдлыг харгалзан урамшуулах, 2007 онд “Ойн Тухай Хууль”-д “16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага бүр 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана”, 2010 оны 04 сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, жил бүрийн 5 ба 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, мод тарих үйлсийг бодлогын хүрээнд тал бүрээр дэмжиж байгаа билээ.
Гэсэн хэдий ч нийслэл хотод өнөөдрийн байдлаар ногоон байгууламжийн талбай зохих хэмжээнээс 6-8 дахин бага буюу нэг хүнд 1,6 м.квт талбай (нийт 202 га) ноогдож байгаа судалгаа бий. Том хотуудын уушиг нь болж агаарыг сэлбэж, тэтгэж байдаг ногоон байгууламжийн хүрэлцээ муу байгаагаас өнөөдөр Улаанбаатар хот зундаа бүгчим халуун агаартай, тоосонд даруулж, шороонд булуулж, өвөлдөө утаанд хордож агаар, ус, хөрсний доройтол гамшгийн хэмжээнд хүрч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон.
Иймд орчны агаарыг цэвэршүүлэх, уур амьсгалыг зөөлрүүлэх, хотын техникийн дуу чимээг багасгах, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хөрсний усыг тэтгэх, амьдрах орчны нөхцлийг сайжруулах зэрэг олон талын эерэг нөлөөллийг нэг доор бий болгох, шидтэй гоёмсог сайхан мод, сөөгийг олноор тарьж, ургуулахад бидний хамтран бэлтгэсэн энэхүү зөвлөмж таны үнэнч туслах, итгэлтэй зөвлөх тань байх болтугай.
Нэг мод тарьвал энэ насны буян
Хоёр мод тарьвал хойд насны буян
"МОД ТАРЬЯ цахим сургалт"-ын төслийн удирдагч Б.Норовсүрэн.
 Холбоо барих: 89500250, 86500250

No comments:

Post a Comment