Friday, July 26, 2013

Бургас тарих арга



Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм. Ширгэж буй гол мөрний сав газарт  тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод юм. Хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага, салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарьж болдог олон талын зориулалтаар ашиглаж болно.

Бургас тарих талбайг сонгох.
Бургас тарих талбай нь хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой. Жилд унах тунадасны дундаж хэмжээ 200-300 мм-ээс багагүй байх нь зүйтэй. Бургас үндэслүүлэх талбайн хөрсний ус аль болох ойр 1.5-2.0 м-ээс холгүй байх шаардлагатай. Бургасны үйлдвэрийн плантаци 50-100 га-аас доошгүй хэмжээтэй байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой.  

Бургасны саваа мөчрийг бэлтгэх.
Бургасны саваа мөчрийг тухайн газар нутагт ургаж байгаа бургасан шугуйг сийрүүлэх, засаж танах журмаар бэлтгэн авна. Үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх таримал шугуйг ургуулах зорилгоор байгалийн бургаснаас саваа мөчрийн тайраадас бэлтгэнэ.Сийрүүлж огтолсон модноос 1-2 настай, өвчин, хортонд нэрвэгдээгүй мөчрийг нь шилэн авч, саваа мөчрийг тусгай зориулалтын хайчаар бэлтгэнэ.Ìашины тэвшинд цас дэвсэж, мөчрөө үелүүлэн тавьж дахин цасаар хучих замаар дүүртэл ачиж тээвэрлэх буюу эсвээс брезентээр боож тээвэрлэж болно. Ингэж авчирсан саваа мөчрийг тусгайлан шуудуулж ухсан нүх буюу зооринд үелүүлэн хийж элс, цасаар хучиж дээд талыг сайн таглаж хаана. Мөчрийг ургамлын тайван үеэс шүүс хөөрөх хүртэлх хугацаанд бэлтгэнэ. Энэ нь манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд жил бүрийн 10-р сарын 20-оос дараа жилийн 3-р сарын эхний арав хоногт багтана. Модны үзүүрийн нахиа хөөсөн үед савааг бэлтгэж болохгүй.

Саваа мөчрийг тайраадас болгон бэлтгэх.
Бургасыг мөчрөөр нь үржүүлэхэд түүний мөчрийн тайраадасны урт онцгой нөлөөтэй байдаг. Мөчрийн тайраадасны уртаас хамаарч суулгацын үндэслэлт, амьдралт харилцан адилгүй байдаг. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн бүсэд 25-30 см байна. Тайраадас бүр 8-аас доошгүй ширхэг нахиатай байвал зохино. Бургасны модожсон мөчрийн I, II зэргийн тайраадсыг тусгай зориулалтын бургасны плантаци байгуулах, суулгац бэлтгэх зэрэгт зориулж ургуулахад илүү тохиромжтой. Бэлтгэсэн саваа мөчрийг тусгайлан хадгалсан зоориноос гарган авч тэдгээрийг тарихаас нэгээс, хоёр долоо хоногийн өмнө тайраадас болгон бэлтгэнэ. Тайраадасны бүдүүн нь 0.6-1.8 см байх ба түүнийг саваа мөчрийн доод, дунд хэсгээс бэлтгэх нь илүү тохиромжтой байна.Бэлтгэж авсан тайраадсыг жишгийн дагуу зэрэглэж ялгаж 50, 100 ширхэгээр багцлан боож зориулалтын зоорь, шуудуунд суулгах хүртэл цас, нойтон үртэс, чийгтэй элсээр хучиж түр хадгална. Хэрэв тээвэрлэх тохиолдол гарвал чийгийг алдагдуулахгүйгээр үртэс, цасаар даруулж, берзинтээр хучиж тээвэрлэх хэрэгтэй. Мөчрийн тайраадсыг бэлтгэж суулгахаас нь өмнө 72-125 цагийн туршид усанд хийнэ. Мөн өсөлт түргэсгэгч бодис гетероауксины 0.01 хувийн уусмалд (150мг) 15-24 цаг болгосны дараа тарилт хийхэд нахианы задралт, үндэслэлт хурдасна.Мөчрийн тайраадсыг тарих хүртэл гэмтээлгүй сайн хадгалах шаардлагатай. Саваа мөчрийг тайраадас болгохдоо үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрна.

Хөрс боловсруулалт.
Бургасны модожсон мөчрийн тайраадсыг тарихад зориулж талбайн хөрсийг 30-35 см (40 см) гүн хагалж боловсруулна. Гүн хагалсан хөрс нь ургамал ургах аятай нөхцлийг бүрэлдүүлэхээс гадна хог ургамал ургах, өвчин, хортон үүсэх нөхцлийг таслан зогсоох сайн талтай байдаг. Хөрсний үндсэн хагалгааг намрын цэвдэгш буюу хаврын хагалгаагаар гүйцэтгэнэ. Үндсэн хагалгааны дараа борнойдолт хийнэ.Бургас тарих талбайн хөрс нь тэгш, сэвсгэр, сийрэг, нягтарч бөөгнөрөөгүй, үрлэрхэг бүтэцтэй, хог ургамлаас бүрэн цэвэрлэгдсэн, суулгацын үндэсний систем зохих хэмжээндээ хүртэл хөгжих нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай.
      
Тайраадас суулгах хугацаа.
Бэлтгэсэн тайраадсыг хавар 4 дүгээр сарын сүүлчийн 10 хоногоос 5 дугаар сарын сүүлч хүртлэх хугацаанд суулгана. Зарим нутагт бургасны тайраадсыг намар 10-р сарын 1-нээс 15-нд суулгаж болно. Хэрэв нэгж га-аас авах жишгийн суулгацын тоог нэмэх шаардлагатай бол мөр хоорондын суулгалтыг нягтруулна. Мөчир тарих ажлыг хавар цас хайлсны дараа шууд хийнэ. Намар тарих газар нь тунадас нилээд унадаг, хөнгөн хөрстэй байвал зохимжтой. Мөчрийн тайраадсыг босоо буюу налуулж (хүнд хөрсөнд) үзүүрийн нахиаг хөрсөнд ил суулгана. Ус чийг дутагдалтай гандуу нөхцөлд мөчрийн оройн нахиаг гадаргуутай тэгшилж суулгана. Мөчрийн тайраадсыг заавал чийгтэй хөрсөнд суулгах ба суулгасны дараа тогтмол услах шаардлагатай.
Усалгаа.
Бургасны тайраадас чийглэг нөхцөлд илүү сайн ургана. Усалгааг мод үржүүлгийн талбайд хэд хэдэн аргаар хийж болно. Усалгааг ямарч аргаар хийсэн дараахь үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:Усалгааны шанг ус урсахад тохиромжтой болгож задгай ба нээлттэй гэсэн хоёр янзаар хийнэ. Задгай болон нээлттэй шангаар услах шуудууг 18-20 см гүн, 0.3-0.8 хэмийн хэвгийтэй байгуулна. Шангийн ёроолын хэсэг тэгшхэн байх шаардлагатай. Тайраадсыг ургах ургамал ургалтын эхний хагаст 30-35 см гүнд нэвчилж услана. Усалгааг хөрсний хээрийн чийг багтаамжийн 70 хувь орчимд байхаар бодож хийнэ. Энэ нь ойт хээр, хээрийн бүсэд га-д 530-580 м3/ га ус байхаар тооцож услана гэсэн үг. Шуудуугаар усалж байгаа нөхцөлд усалгааны нормыг 25-30 хувиар ихэсгэнэ. Ямар ч тохиолдолд услалтын нормыг га-д 500 шоометрээс хэтрүүлж болохгүй. Тайраадас суулгасан талбайн хөрсийг 5-р сард нэг удаа, 6-р сард хоёроос гурван удаа, 7, 8-р сард хоёр удаа 40-35 см гүнд нэвчилж услах нь тохиромжтой байна. Усалгааны давтамж нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон нарны гийгүүлэлтээс хамаарч бага зэрэг хэлбэлзэж болно.

Хөрс сийрүүлэлт.
Үндэсний системийн агаарын солилцоог эрчимжүүлэх, чийгийн алдагдлыг багасгах, ус, бордоо хөрсөнд шингэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг сийрүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд тогтмол явуулна.Ургамал ургалтын эхний үед Алтай, хээрийн бүсэд 5, 6-р сард нэг, 7-р сард хоёр, 8-р сард нэг удаа ургамал хооронд гараар 4-5 см гүнд гаапуугаар сийрүүлэх ба эгнээ хооронд 10-15 см гүнд сийрүүлэлтийг тогтмол хийнэ. Хөрс сийрэгжүүлэх, хог ургамалтай тэмцэх ажлыг жилд Ус чийгээр дутагдалтай хүнд хөрстэй газарт усалгаа хийсний ба бороо орсны дараагаар хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг нь цэвэрлэж байвал зохино. Ус чийг хүрэлцээтэй хөнгөн сэвсгэр хөрсөнд сийрэгжүүлэлтийг 15-18 см гүнд хийнэ. Ургамлын эгнээ хоорондын хог ургамлыг 20 см гүнд сийрүүлэгчээр сийрэгжүүлж устгана.Сүүлийн үед хог ургамлыг устгахад гербицид (симазин)-ыг 10-15 кг га-д бодож усанд уусгаж шүршиж хэрэглэж болно.

 Бордоо.
Суулгацыг аль болох богино хугацаанд өсөлт хөгжилт сайтай ургуулахад хөрсийг үндсэн ба нэмэгдэл бордоогоор бордох нь хамгийн чухал юм. Үндсэн бордоог хөрс боловсруулахад хийнэ. Нэмэлт бордоог тухайн талбайн хөрсний шинжилгээний дүнг үндэслэн 2-3 жилийн дараа бордож болно. Ойт хээр, хээрийн бүсийн нөхцөлд га-д азот 60-100 кг, фосфор 100-120 кг, кали 20-40 кг-аар бодож бордоно.

Бургасны суулгац суулгах хугацаа, арга.
Плантацид бургасны суулгацыг хавар 4-р сарын 25-аас 30-нд, 5-р сарын 1-ээс 10-нд, намар 9-р сарын 30-аас 10-р сарын 10 хүртэл хугацаанд суулгана.Плантацийн талбайд суулгац суулгалтыг 2 хүн гүйцэтгэнэ. Нэг дэхь хүн нь нүхийг бэлтгэж, 2 дахь хүн нь суулгацыг эгц барьж шороог хийж нягтруулан гишгэнэ. Плантацид бургасны суулгацны үндэсний хүзүүг газрын гадаргуугаас доош 10-15 см гүнд байхаар суулгана.Бургасны плантацийн талбайд суулгацыг суулгасны дараа түүний гол гуврыг газрын гадаргуугаас дээш 10-20 см-т цэцэрлэгийн хайчаар тайрч үлдсэн угийг тосон будгаар будна. Энэ нь бургасны суулгацыг буталж, салаалж ургах нөхцлийг бүрэлдүүлнэ.
          
Бургасны суулгацыг суулгах схем
Ашиглалтын зориулалтаас хамаарч бургасны плантацид суулгацыг дараах схемээр суулгана:
1. Бургасны плантацийн талбайн ургамал хооронд 1.0 м, эгнээ хооронд 1.5 м.
2. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 2.0 м.
3. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м.
4. Ургамал хооронд 2.5 м, эгнээ хооронд 3.0 м.
5. Ургамал хооронд 3.0 м, эгнээ хооронд 3.0 м-ээр тус тус байрлуулна.
Суулгалтын схемийг сонгож авсны дараа суулгалтын схемийг талбайд тэмдэглэхдээ эгц шулуун эгнээ гаргах хэрэгтэй. Талбайд хуваарилалт хийсний дараа олс татаж шулуун чиг гаргаж суулгац суулгах нүх ухах цэгийг тэмдэглэнэ.
Усалгаа.
Бургасны плантацийн талбайд суулгац суулгахаас 3-4 хоногийн өмнө ухсан нүхийг нэг удаа ханатал усална. Суулгацыг суулгасны дараа 35-40 см гүнд нэвчүүлж услана. Ургамал ургалтын хугацаанд Алтай, говь, хээрийн бүсэд 5 ба 6-р сард 10-14 хоногийн зайтай, 7 ба 8 сард 14-16 хоногийн зайтай 2 удаа услана. 9-р сард нэг удаа усална. Усалгааны норм нь нэг га-д 500-700 м3 ус орохоор тооцно. Ургамал ургалтын нийт хугацаанд 10-13 удаа усалгааг хийнэ. Харин хуурай хээр, Алтайн бүсэд хаврын салхи ихтэй байдаг учир усалгааны завсар өнгөн хэсгийн хөрс                      
Хог ургамал устгах.
Ургамал ургалтын хугацаанд плантацийн талбайн хог ургамлыг устгах, хөрсийг сийрүүлэх арчилгааг тогтмол хийх шаардлагатай. Ургамал хооронд сийрүүлэлт хийхэд гар ажиллагаагаар гүйцэтгэнэ. Хөрсийг гараар сийрүүлэхэд тармуур, хог ургамал устгахад гаапуу ашиглана. Ургамал хооронд 4-6 см гүнд гараар сийрүүлнэ. Усалгааны дараа хөрс сийрүүлэлтийг үндэсний хүзүүвчээс нэлээд зайтайгаар 5-7 см гүнд хийнэ.
Доктор Д. Энхсайхан



No comments:

Post a Comment