Sunday, March 15, 2015

ХОРТОН ШАВЬЖ УСТГАХ ЭНГИЙН АРГА:



Хүнсний ногоонд химин хор хэрэглэхээс аль болох зайласхийж дараах органик аргуудаас сонгон хэрэглээрэй.
Үнс, савангийн уусмал
Модны 1 кг үнсийг сайтар нунтаглаж шигшээд 30-35 л бүлээн усанд хийж буцалгана. Дараа нь хөргөж тунгаагаад шингэн хэсгийг нь шүүж авсны дараа 80-100 мл шингэн саван нэмж хэрэглэнэ.
Тамхины ханд
5 л бүлээн усанд 500 гр мохор тамхи хийж 3-4 хоног байлгасны дараа шүүж 7 л усанд 30-40 гр савангийн уусмалтай хольж хэрэглэнэ. Хэрэв мохор тамхи байхгүй бол 400 гр нунтаг дүнсэн тамхийг 1 л усанд хийж нэг хоног хандлаад дараа нь 2 цаг зөөлөн гал дээр байлгаад шүүж авна. 1 л хандад 1-1.5 л ус 40 гр саван хийж бөөс, хүрэнцэрийг устгана.
Сармисны ханд
Сармисны 200 гр хумсыг жижиглэн хэрчиж, нухаж няцлаад дээр нь 2 л ус хийнэ. Нэг хоног байлгасны дараа 7-8 л ус, 25-30 гр шингэн савантай хольж бэлтгэнэ.
Зэсийн байван, савангийн ханд
Нэг саванд 8-10 гр зэсийн байванг 1 л усанд, өөр нэг саванд 9 л усанд 150-200 гр калийн шингэн саван уусгана. Зэсийн байвангийн уусмалыг нарийн цоргоор савангийн уусмал руу олгойдуулан хийхэд савангийн эмульс бий болгоно. Энэхүү жор жимсний мод, бутнаас гадна идэшний ногоог ургаж байх үед цацахад хортон, өвчинг арилгаж чадна.
Жимсний хальсны ханд
Жүрж, мандарин, нимбэгийн аль нэгний юм уу эсхүл хальсыг нь нийлүүлээд нунтаглана. Нунтагласан 1 кг хальсыг 3 л бүлээн усанд хийж таглан 5-7 хоног дулаан, харанхуй байранд тавьж ханд бэлтгээд түүнийгээ шүүж шилэнд савлаж хадгална. 10 л усанд 100 гр ханд, 40 гр шингэн саван хийж мод, бут, сөөг, хүнсний ургамал руу цацна.
Төмсний навчны ханд.
Эрүүл төмсний навч, ишийг цуглуулан жижиглэн хэрчээд 1 кг-ийг 8 л халуун усанд хийж 4-5 цаг идээшлүүлж шүүгээд ургамлын навчин дор нуугдсан хүрэнцэр, бөөс, хачгийг устгахаар цацна. Цацах үедээ модных навчаа нэг гараараа өргөж, хортон нуугдсан газрыг орхихгүй байхыг хичээх хэрэгтэй.
Лоолины ханд.
Эрүүл улаан лоолины иш, навчийг шорооноос нь цэвэрлэн хэрчиж жижиглэнэ. 10 л усанд 400 гр хэрчсэн навч, иш хийж зөөлөн гал дээр 30 мин байлган хандлаад түүнийгээ шүүж баөс, хачиг, эрвээхэйтэй ургамлыг шүршиж хэрэглэнэ.
Дээрх зөвлөмжийг ардын багш профессор Ч.Авдай багшийн зөвлөгөөнөөс “АГРО” клуб эмхэтгэн та бүхэнд хүргэлээ.
Дэлгэрэнгүйг http://goymod.blogspot.com/ Цахим хуудаснаас

No comments:

Post a Comment